халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 18487 хүнд PCR шинжилгээг хийхэд 21 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинээр илэрсэн тохиолдлуудыг танилцуулбал, "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн ойрын хавьтлын 4 хүн, БЗД-ийн ТҮК-ийн 56 ажилтанд хийсэн шинжилгээнээс 6 хүн, мөн өргөжүүлсэн тандалтаас 6 хүн, үлдсэн хүн нь батлагдсан ойрын хавьтлын тохиолдлуудаас коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавирусний батлагдсан тохиолдол 685 боллоо. Сүүлийн 24 цагт бусад аймагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.

Улсын хэмжээнд каластер өвчлөлийн тохиолдол 1011 болсон байна. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ийг Халдвартын клиникээс 10 хүнийг ХУД-ийн 300 ортой эмнэлгийн дараагийн ажиглалт тандалт хяналтад шилжүүлсэн байна.Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 байна. Үүнээс  909 хүн буюу 60,1 хувь нь эдгэрсэн байна.

 Монгол Улсад он гарснаас хойш томуугийн вирус орчилд ороогүй байгаа тул томуугийн вирусний шинж тэмдэг илэрсэн хүн коронавирусний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж, өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, “Томуугийн вирусний шинж тэмдэг илэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад яаран очихгүйгээр 100, 119 дугаарын утсаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй. Томуугийн вирус орчилд ороогүй байгаа үед амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх нь коронавирусээр халдварласан байх өндөр магадлалтай гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Мөн тэрбээр Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт сүүлийн 24-38 хоногт коронавирус илрээгүй тул дээрх аймгуудад коронавирусний халдварыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж болно хэмээсэн юм.

Нийслэлд коронавирусний халдварын голомт идэвхтэй байгаа тул ЗӨСҮТ-ийн 3 баг өнгөрсөн хоногт 14 байгууламжийн 5620 мкв талбайд голомтын ариутгал хийлээ.

Тус төвийн багийнхан Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээвэрт явдаг 229 жолоочид коронавирусний шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.

НЭМҮТ-ийн эмч нар Улаанбаатар хотод коронавирусний өргөжүүлсэн тандалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 4744 иргэнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.

ЭМЯ-ны тусгай дугаарын 7 утсанд өнгөрсөн 24 цагт 5346 хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсныг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Коронавирусний халдварын тандалт судалгаанд энэ хугацаанд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллалаа.

Сэтгэгдэл бичих