Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “COVID-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.
Баянгол дүүргийн 4-р хороонд өчигдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Харин өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд сөрөг гарсан байна.
Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллажээ.
Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.
Үүнд эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.