НӨАТ-ын сугалаатай холбоотойгоор 200 гаруй ажилтныг шалгаж байна

оруулсан Алсын Хараа

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаатай холбоотой хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Тус газраас шалгалтыг НӨАТ-ын мэдээлэл технологийн үйл ажиллагаа, сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон болон бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гарсан эсэх гэсэн 3 чиглэлээр хийж байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж, энэ талын шалгалтаар НӨАТ-тай холбоотой асуудалд цэг тавина гэдгээ илэрхийлж байна.

ШӨХТГ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна

ШӨХТГ-аас НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагчийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байгаа аж. НӨАТ-ын сугалаатай холбоотой гомдол мэдээлэл анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн 36 удаа азтан болсон талаар олон нийтийн сүлжээнд бичиж байжээ.

Мөн азтан тодруулах явцад ашигладаг бөмбөг нь хөнгөн байх тусам илүү хурдан дээш гарч ирдэг гэсэн хардлага, сэрдлэг 2016 оноос хойш байсаар байгаа аж. Тиймээс ШӨХТГ-аас НӨАТ-ын мэдээлэл технологийн ажилтнууд технологио ашиглан олон удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авч байсан уу гэдгийг шалгаж байгаагаа мэдэгдлээ.

Шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамртан хийж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ), "Transparency International Mongolia" байгууллага болон иргэний төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл бичих