АН-ын Үндсэн дүрмийн алдааг засаж Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгнө хэмээн тус намын Хэрэг эрхлэх газраас өнөөдөр мэдээлэв.
Ноднин 12 дугаар сард болсон Ардчилсан намын X их хурал хурлаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Улмаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн юм. Гэвч Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхойгүй зүйл заалт орсон гэж үзээд бүртгэж аваагүй талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "АН-ын X хурал бол хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхээс гарсан шийдвэр цаасаар ирсний дараа шаардлагатай материалыг бүрдүүлж дахин бүртгүүлэх хүсэлт өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа" хэмээв.
Тэрээр хэлэхдээ, "Намын дүрмийн дагуу өмнөх дарга хариулагаа хүлээсэн. Ингэснээр намын даргын үүрэг гүйцэтгэгчээр миний бие томилогдсон, дараагийн даргад тамга, тэмдэгээ хүлээлгэн өгнө" гэлээ. АН хоёр хуваагдаж хагарсан гэх харлуулах ажил өрнөж байгааг тэмдэглээд, "АН 200 мянган гишүүнтэй, тэдний дэмжлэгээр шударга ёсны тэмцэл үргэлжилнэ" гэв.
Мэдээллийн үеэр Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа, аймаг, нийслэл, дүүргийн АН дотроо хуваагдсан асуудал байхгүйг албан ёсоор мэдэгдэв.