Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 14-нд хийсэн PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 16 854 хүнд шинжилгээ хийжээ.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалж танилцуулбал, "Мөнххада" ХХК-ийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийн давтан шинжилгээнээс 4 хүнд халдвар илэрлээ. БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн 8 хүн халдвартай нь тогтоогдсон. Эдгээр нь бүгд хяналтад орсон, тусгаарлалтад хүмүүс байсан. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 990, зөөвөрлөгдсөн тохиолдол 410 болж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1491 болж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжжээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 571 хүн эмчилгээ, хяналтад байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд, 72 нь хүндэвтэр, 485 нь хөнгөн оноштой байгаа аж.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, өчигдрийн батлагдсан тохиолдлын зарим иргэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эрүүл мэндийн байгууллагаар явж тусламж үйлчилгээ авсан тохиолдол гарчээ.
Тухайлбал:
- Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан байна. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
- Мөн ХСҮТ-д нэг халдвартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, ойр харилцсан 21 хүнийг тусгаарлажээ.
- “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн 94 ажилтныг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр коронавирус илрээгүй.
- ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг нэг хүнээс халдвар илэрчээ. Тиймээс цагдаагийн газрын 100 гаруй хүнийг хяналт тандалтад авч 10 хүнийг тусгаарлажээ.
Одоогоор Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй голомт БЗД байгаа бөгөөд тус дүүргийн 17 дугаар хорооны 3000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 2000-аад хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Иргэд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаран очилгүй 119 дугаарт холбогдон зөвлөгөө авах, эмнэлэг хамгийн эрсдэлтэй орчин учир аль болох эмнэлэгт очихгүй байхыг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ анхаарууллаа.