ЭЕШ-д 450-аас дээш оноо авсан сувилагч мэргэжлээр элсэгчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

оруулсан Алсын Хараа

БШУЯ-наас сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно” гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “...төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь...” төрөөс олгохоор баталсан билээ.

Энэхүү журмын дагуу 2020 оны 9 дүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан 843 оюутанд 625.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна.

Өнөөдөр манай улсад сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3100-аад оюутан “сувилагч мэргэжил”-ээр суралцаж байна. Тус судалгаанаас харахад сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 450-480 байгаа юм.

Сэтгэгдэл бичих