Улаанбаатар хотод хөл хорио суларч, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш хоёр өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдсэн гомдол мэдээллийн тоо огцом нэмэгджээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд,
- Нэгдүгээр сарын 11-ний өдөр 1,377,
- Нэгдүгээр сарын 12-ны өдөр 1,947 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байсан өдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн нийт гомдол мэдээллээс 542-оос 1,112 хүртэл буюу 65 хувиас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн нийт 1,947 дуудлага мэдээллийн 1,733 нь зөрчлийнх байсан бол 52 нь гэмт хэргийн шинжтэй, 16 нь хулгайлах гэмт хэргийн, 140 нь гэр бүлийн хүчирхийллийн, 100 нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага мэдээлэл байсан аж.
Энэ нь өмнөх өдрөөсөө,
- зөрчлийн шинжтэй хэрэг 585-аар,
- хулгайлах гэмт хэрэг 3-аар,
- гэр бүлийн хүчирхийлэл 48-аар,
- оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан нь 33-аар нэмэгдсэн байна.
Мөн хугацаанд улсын хэмжээнд 320 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 59 зөрчил илэрсэн нь өмнөх өдрөөс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 95-аар, согтуугаар машин жолоодсон зөрчил 7-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.