МОНГОЛ УЛС 2020 ОНД НҮҮРСНЭЭС 2.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ

оруулсан Алсын Хараа
Эх сурвалж: MySteel Global, SXCoal, iToim.mn
Монгол Улс 2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Тэгвэл Хятадын ган үйлдвэрлэлийн зах зээлийн талаар дагнан бичдэг Сингапурын “MySteel Global” вебсайтад Монгол Улсын нүүрсний экспорт 2020 онд 22 хувиар буурч, 28.6 сая тонн болсон талаар мэдээллээ. Монгол Улс өнгөрөгч онд нүүрсний экспортоос 2.1 тэрбум орчим ам.долларын орлого олсон байна.
Манай улс 2019 онд 36.4 сая тонн нүүрс экспортолж, 3.1 тэрбум ам.долларын орлого олж байв. Харин өнгөрөгч онд нүүрсний экспортын хэмжээ ийнхүү огцом буурсан шалтгааныг цар тахлын улмаас нүүрсний тээвэрлэлт удааширсантай холбон тайлбарласан байна.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсанаар Монгол Улс өнгөрөгч 12 дугаар сард тус улсад 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сартай харьцуулахад 49.3 хувь, 2019 оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Мөн Хятадын өмнөд хэсгийн худалдан авагчид өнгөрөгч онд Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний 95 хувийг худалдан авсан байна.

Сэтгэгдэл бичих