Л.Хадбаатар: АН-ын дарга асан намыг хагалан бутаргах үйлдэл хийж байгааг ахмад гишүүд бид буруутгаж байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн АН-ын ахмадын хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус хорооны дарга Л.Хадбаатар "Ажлын хэсгийг түр орлон гүйцэтгэж ажиллахыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасугай гээд дарга тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан тамга тэмдгийн асуудал гарч ирж байна. АН дээд шүүхэд албан бичиг явуулсан. Үүний хариу болгож 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр дээд шүүхээс албан бичиг ирүүлсэн.

Улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай программд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн гэсэн хариу ирсэн. Харин АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр гэсэн дээд шүүхийн тамга тэмдэгтэй бичиг байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн АН-ын ахмадууд дараах уриалгыг гаргаж байна. АН-ын дарга асан С.Эрдэнэ нь УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан, тойрогтоо өөрөө ялагдсан учраас үндсэн дүрмийн дагуу сайн дураараа огцорч намын тамга тэмдгээ Ц.Туваанд шилжүүлсэн. Үүнийг хэвлэл хэрэгслээр тухайн үед нь хангалттай мэдээлсэн. Үндэсний бодлогын хороо хуралдаж, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, 10 дугаар их хурлаа зохион байгуулж, үүрэг өгсөн.

Гэтэл С.Эрдэнэ мэдэн будилж, гишүүд, дэмжигчдийг төөрөгдүүлэн, намыг хагалан бутаргах үйлдэл хийж байгааг АН-ын ахмад гишүүд бид буруутгаж байна. Учир нь албан ёсоор Ц.Туваанд хүлээлгэн өгсөн тамга тэмдэг байсаар байтал С.Эрдэнэ хаанаас тамга тэмдэг гаргаж ирээд АН-ыг хуваагдсан мэт харагдуулахыг хичээгээд байгааг гайхаж байна. Хууль бусаар тамга хийлгэсэн байна гэж хардах үндэслэлтэй. Хэрвээ энэ дүрмийн бус үйлдлээ зогсоохгүй бол үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс С.Эрдэнийг хасаж, намын эв нэгдлээ хангахыг уриалж байна" гэв.

Сэтгэгдэл бичих