Халдварын 4 голомт идэвхтэй байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлд коронавирусний халдварын 10 гаруй голомт бүртгэгдсэнээс 3-4 голомт нь идэвхтэй байгаа тухай өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, “Мөнххада”, Тэнүүн-Огоо, Ачтан эмнэлэг, БГД-ийн  голомт үргэлжилж шинээр голомт үүсээгүй байна. Халдвар огт бүртгэгдээгүй газар нэг нууц үеийн хугацаанд хоёроос дээш тохиолдол бүртгэгдвэл шинээр голомт үүслээ гэж үздэг. Ялангуяа, амьсгалын замын болон коронавирусний халдварын үед нууц үеийн хугацаа 14 хоног байгаа бол, Монголд 5-7 хоног үргэлжилж байгаа аж.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой эмч, эмнэлгийн ажилтан 30 гаруй, бусад 299 хүн, нийт 329 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүрэгт гэр бүл, хамт олон, орц, орон сууц, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулсан гээд үргэлжилсэн голомт байгаа аж. Ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн 2, 3 дахь шинжилгээгээр халдвар илэрч байгаа бөгөөд БЗД-ийн голомт хяналтад оржээ.

Харин ХСҮТ-тэй холбоотой голомтод  эмч, ажилчин 5 хүн, тэдгээрийн гэр бүл гээд нийт 17 хүн халдварт өртжээ. Тус голомтоос гэр бүл гээд үргэлжилсэн голомт сүүлийн долоо хоногт гараагүй аж.

Мөн “Ачтан” эмнэлэгтэй холбоотой эрүүл мэндийн ажилтан 21, гэр бүл, нэг орцны 26, нийт 47 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор “Ачтан” эмнэлгийн голомт үргэлжилж байна.

“Мөнххада” ХХК-тай холбоотой тус компанийн 8,  гэр бүлийн 10 гаруй хүн, нийт 25 хүн халдварт өртжээ. Түүнчлэн “Тэнүүн-Огоо” компанийн жолооч нар болон тэдний гэр бүлийн 17 хүн өвдсөн байна.

Эдгээрээс улбаатай БГД-ийн 5,6  дугаар хороонд идэвхтэй голомт байгаа бөгөөд дөрвөн орон сууц тойрсон нийт 20 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Тэрбээр мэдээлэлдээ, “Хүн амын дунд халдварыг тандах зорилгоор НЭМГ, нийслэлийн дүүргүүдэд 30 цэгт шинжилгээ авч байна. БГД-ийн 5,6 дугаар хороонд халдвар гарсантай холбогдуулан тус дүүргийн 20 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахад одоогоор 10 гаруй хүний шинжилгээ эерэг гарсан. Одоогоор том том голомтуудыг хяналтад авсан ч 2000 гаруй хоёрдогч хавьтал байгаа учир халдвар гарах эрсдэл маш өндөр байгаа. Тиймээс иргэд ойрын хүмүүсээ өвчлүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Энхсаран сувилал, иргэн Д-тэй холбоотой халдварын голомт хумигдсан байна.

Сэтгэгдэл бичих