/TASS/. Хөгжиж буй орнууд иргэдээ вакцинаар хангах шаардлагатай байгааг зарим хөгжингүй улс орон үл тоомсорлож байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэв.
Энэ тухай тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурлын 75 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр хэлсэн байна.
“Коронавирусний цар тахал олон улсын хамтын ажиллагааны эв нэгдэлд сэв суулгаж байна. Чинээлэг орнууд ядуу орнуудын боломж бололцоог харгалзан үзэхгүйгээр өөрсдийн хүн амд зориулан вакцин худалдан авахаар дайрч байгаа нь вакцины үндсэрхэг үзлийн илрэл юм. Цар тахал ядуу эмзэг бүлгийхэнд болон хүүхэд, хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, цөөнхүүдэд аймшигтай нөлөө үзүүлсэн. Цар тахал 88 сая хүнийг ядууралд оруулж, 270 сая гаруй хүнийг хоол хүнсний хомсдолд оруулах эрсдэлтэй байна” хэмээн тэрбээр ярьжээ.
“Цар тахал бидний сул талыг илчилсэн. Энэ сул талыг арилгахын тулд бид тэгш бус байдал хийгээд шударга бус байдлаа багасгаж, харилцан дэмжих, итгэлцлийн холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн А.Гутерриш мөн мэдэгдсэн байна.