Токиогийн олимпын эрхийн онооны төлөө өрсөлдөх Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны цувралын анхны “Доха Мастерс” тэмцээн өнөөдрөөс /2021.01.11/ эхэлж байна.
Тус тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Монгол Улсаас өнөөдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар хүч, ур чадвараа сорино. Манай тамирчид Катар улсад хоёр ч удаа “Covid-19” шинжилгээнд хамрагджээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогтоо Өмнөд Африкийн Геронай Уайтбойтой барилдах бол Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. Харин 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогтоо Израил улс жүдоч Гефен Примотой, ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогтоо Бельгийн Карлин Ван Сниктэй тус тус хүч үзнэ.
Олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д эхний тойрогтоо Румын Улсын Лоредана Охайтай барилдахаар оноолт таарчээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Ф.Гаррикостой, Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Америкийн Адонис Диазтай барилдах бол 66 кг-д Ё.Басхүү эхний тойрогтоо Египетийн Мохамед Абдулмавгоудтай хүч үзнэ. Энэ жинд ОУХМ Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.