/МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 10-ны өдрийн байдлаар эх газрын Хятадад шинээр коронавирусээр халдварласан 103 тохиолдол бүртгэгдэв. Энэ нь сүүлийн таван сар гаруйн хугацаанд нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол анх удаа гурван оронтой тоонд шилжсэн үзүүлэлт байв.
Тодруулбал, Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр батлагдсан тохиолдлуудын 85 нь дотоодын гаралтай байсан ба үүнээс 82 нь Хэбэй, 2 нь Ляонин, 1 нь Бээжин хотод тус тус бүртгэгдлээ.
Хятадын хойд нутгийн Хэбэй мужид сүүлийн үед халдвар нэлээд өргөн хүрээтэй тархаад байгаа бөгөөд мужийн төв болох Ши Жиажуан хотод 77 тохиолдол, Шинтай хотод 5 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх газрын Хятадад хамгийн сүүлд нэг өдөрт 100 гаруйгаар халдвар нэмэгдэж байсан тохиолдол нь өнгөрсөн оны 7-р сарын 30-ны өдөр байжээ.
Өчигдөр Ши Жиажуан хотын 7 газрыг дунд зэргийн эрсдэлтэй бүсээр зарласан бол өнөөдөр Шинтай хотын 2 газрыг мөн дунд зэргийн эрсдэлтэй бүсэд хамааруулав. Ингэснээр одоогоор Хятадад нийтдээ дунд зэргийн эрсдэлтэй 75 газар байгаагийн 20 нь Ши Жиажуан хотод байгаа юм. Мөн тус хотын нэг дүүргийг өндөр эрсдэлтэй газарт хамааруулаад байна.
Ши Жиажуан, Шинтай хотуудад бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажил хийгдсэн буюу 13 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад 364 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Мөн Ши Жиажуан хотод хоёр дахь удаагийн бүх нийтийн шинжилгээний ажлыг эхлүүлээд байгаа ба хоёр өдрийн дотор шинжилгээг авч дуусах юм.
Хэбэй мужийн Радио, телевизийн мэдээлж буйгаар, Гуандун, Жяньсу, Жөзянь, Хунан, Жянси зэрэг таван мужаас 103 эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг тус мужид туслахаар өчигдөр очжээ.