“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цутгуурын цех импорт орлох цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Засвар механикийн заводын Цутгуурын цех энэ онд 5886 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Цутгуурчид энэ жил Баяжуулах үйлдвэрт МП-800 тээрмийн конусан хуяг, Ил уурхайд ЭКГ-12К экскаваторын шанага зэрэг импорт орлох бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж нийлүүлнэ. Өнгөрсөн онд тус цех найман төрлийн 3668 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлсэн байна.

Тус үйлдвэр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогын хүрээнд 2020 оны 6 дугаар сард Цутгуурын цехэд өргөтгөл хийж, хэвний хэсэгт энгийн төлөвт буюу хүйтнээр хатууруулах холимгийн технологи 100 хувь нэвтрүүлж, ашиглалтад оруулсан. Ингэснээр цутгамал бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, зардал хэмнэн, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах боломж бүрдсэн юм.

1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Засвар механикийн заводын Цутгуурын цех ашиглалтад орж, анхны ган хайлалтаа хийж байв. Энэ түүхэн өдрөөс өнөөг хүртэлх 40 жилийн хугацаанд Цутгуурын цех нийт 178 743 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж иржээ.

Сэтгэгдэл бичих