ЖАКАРТА. /BBC/. Индонезийн нийслэл Жакарта хотоос өнгөрсөн бямба гарагт хөөрснийхөө дараа Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоосон гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
Тэнгисийн цэргийн хүчний шумбагчид даваа гарагт эрэн хайх ажиллагаа эхэлсэн даруйд хоёр хар хайрцгийг олно гэж найдаж байна. “Sriwijaya Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737” нисэх онгоц Борнео арал руу 62 хүнийг тээвэрлэн хөөрснийхөө дараа холбоо тасарсан юм.
“Бид хоёр хар хайрцгийн аль алийнх нь байршлыг тогтоосон. Шумбагчид тэдгээрийг удахгүй хайж эхлэх бөгөөд хурдан олно гэдэгт итгэлтэй байна” гэж Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соэржанто Тьяжоно ням гарагт мэдээлснийг “AFP” агентлаг уламжилжээ.
Хар хайрцгийн мэдээлэл нь онгоцны ослын шалтгааныг тогтооход чухал ач холбогдолтой юм. Осолдсон нисэх онгоцонд хөлгийн багийн 12 гишүүн, 50 зорчигч байсан бөгөөд зорчигчдын дунд долоон хүүхэд байжээ.