Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд хөдөлгөөн хязгаарлав

оруулсан Алсын Хараа

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ачтан" эмнэлэг болон хэд хэдэн байршилд COVID-19 халдвар голомтлон гарсан тул өнөөдөр 03.00 цагаас нэгдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ. 

Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлсэн юм. Тэрбээр," ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хэсэгчилсэн хөдөлгөөн хязгаарлалт тогтоосон. Энэ хугацаанд COVID-19 халдварыг тандах, илрүүлэх ажлыг тухайн байршилд зохион байгуулна. Энэ хүрээнд ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй явуулын багийн 300 орчим эмч, ажилтан иргэдээс шинжилгээ авна. Мөн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын нийт 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна" хэмээв. 

Энэ хугацаанд дээрх байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч эмнэлгийн зайлшгүй шаардлагатай бол орж гарах хөдөлгөөнд оролцуулна. Мөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана гэдгийг тодотголоо.

Хөдөлгөөн хязгаарласан хугацаанд тандан судлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн шинжилгээ авах цэгийн тоог нэмсэн байна. Харин бусад дүүрэгт шинжилгээний цэгийг тус бүр нэг болгож цөөлжээ. Иймд тус дүүрэгт оршин суудаг иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Сэтгэгдэл бичих