33 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1395 боллоо

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 2021.01.08-ны 11.00 цагт ээлжит хэвлэлийн бага хурлыг хийв. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүнд коронавирус илэрчээ. “Өчигдөр улсын хэмжээнд 14,225 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо. Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Мөн БГД-ийн 5, 6 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Уг голомтын эх үүсвэрийн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, “БГД-ийн 6 дугаар хорооны 43А байрны нэг орцноос 6 хүнд халдвар илэрсэн. Нэг орцныхон бие биенээсээ халдвар авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харьцсан хүмүүс байгаа. Мөнгөнгүүр, ИНЕГ-ын ажилтнуудын хувьд олон хүнтэй харьцаж ажилладаг хүмүүс. Бусад нь "Ачтан" эмнэлгийн хавьтал байсан учир хяналтад орсон. Мөн 43А байрны зэргэлдээ 65 дугаар байрны орцноос 4-5 хүнд халдвар илэрсэн. Түүнчлэн 57 дугаар байр, хажууд нь "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр бий. Тэгэхээр халдвар гарсан газрын хүрээг тогтоож байж голомтыг таслан зогсоох арга хэмжээ авдаг. Тиймээс тухайн дүүрэгт халдварын голомтыг хязгаарлаж хумихын тулд тандалтын шинжилгээ зохион байгуулж байна” гэсэн юм. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 488 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 12 нь хүнд, 150 нь хүндэвтэр, 323 хүн хөнгөн оноштой байгаа аж.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Халдвар гарсан орцны зургаан батлагдсан тохиолдлын нэг нь "Мөнгөн гүүр" эмнэлэгт, нэг хүн ИНЕГ-т ажилладаг гэж ойлголоо. Бусад дөрвөн тохиолдол хаана ажилладаг вэ?

-БГД-ийн 6 дугаар хорооны 43-А байрны нэг орцноос зургаан тохиолдол батлагдсан бөгөөд орцноосоо халдвар авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа. "Мөнгөн гүүр" эмнэлэг, ИНЕГ-т  ажилладаг хүмүүсийн хувьд олон хүнтэй ажилладаг, бусад дөрвөн хүний хувьд ажил эрхэлдэг, эрхэлдэггүй, “Ачтан” эмнэлгийн ажилчдын хавьтал болсон хүмүүс байна.

Мөн 43-А байрны зэргэлдээх 65 дугаар байрны нэг орцноос 4, 5 хүнээс халдвар илэрсэн.

57 дугаар байр байна. Хажууд нь “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байгаа. Халдварын голомтыг тухайн газарт нь хумьж таслан зогсоодог.

БЗД-ийн үндсэн том голомтыг хяналтад авсан шиг тухайн дүүрэгт нь голомтыг хязгаарлахын тулд арга хэмжээ авч байгаа нь энэ юм.

- Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд тусгаарлагдсан уу?

- Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 38 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд байгаа. Эхний шинжилгээг авсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

- Халдвартай хүмүүсийн эмчилгээн дээр ажилласан эмч нар тусгаарлалтын хугацаагаа дуусаад харьж байгаа юу, шууд эргээд ажилдаа орж буй тохиолдол байгаа юу?

- Эрүүл мэндийн ажилтнууд 14 хоног ажиглан тусгаарлах байранд байгаад гэртээ гарна. Одоогоор ХӨСҮТ дээр болон бусад эмнэлэг дээр ажиллаж байгаа багууд ээлжээр ажиллаж байгаа учраас тусгаарлалтын хугацаагаа дуусгаад гэртээ гарч байж байгаад ээлжээ болохоор ажилдаа ирж байна.

- Халдвартай иргэд орон нутаг руу зорчсон гэх мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Орон нутаг руу халдвартай иргэд яваагүй. Бид сэрэмжлүүлэх үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс орон нутагт очсон байвал хяналтад авч шинжилгээ аваарай гэсэн зааврыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авсан.

Мөн ялгаагүй "Мөнгөн гүүр" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс сэрэмжлүүлэх үүднээс шинжилгээ авч байна. Төв аймагт очсон иргэдийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гараад байна. Энэ бол сэрэмжлүүлэх үүднээс авч буй шинжилгээ юм.

Сэтгэгдэл бичих