Нийслэлд цар тахлын хэд хэдэн голомт илрээд байгаа ч Улаанбаатар хотод тэг зогсолт хийх боломжгүй. Иймд олон нийтийн сүлжээнд гарсан ташаа мэдээллээр сандарч үймэхгүй байхыг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ
Тэрбээр, нийслэлийн 410 мянган өрхөд коронавирусний халдварын шинжилгээ авах судалгаа хийж байгааг тодотгов.
Өмнө нь Улаанбаатар хотод цар тахлын халдварын шинжилгээг 40 цэгт 72 700 өрхөд, мөн Баянзүрх дүүргийн 88 мянган өрхөд хийжээ.
Улаанбаатар хотын 31, орон нутгийн 6 тусгаарлах байранд 1708 иргэнийг ажиглан тандаж байгаа.
Өнгөрсөн 24 цагт 36 иргэн нэмж тусгаарлан, 6 иргэн гэрийн ажиглалтад гаргажээ. Харин 72 цагийн хугацаанд 175 иргэн гэртээ гарснаар нийслэлд 629, орон нутагт 41 нийт 670 иргэн гэрийн ажиглалтад байна.
Өнөөдөр зарим буудлаас 33 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлснийг хэвлэлийн хурлын үеэр дурдсан юм.