Хакүхо М.Даваажаргал энэ башёг өнжинө

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сумо бөхийн энэ цаг үеийн манлай бөх, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусээр халдварлаад байгаа. Мэргэжлийн сумо бөхийн энэ сарын 10-нд эхлэх тэмцээн явагдах эсэх нь эргэлзээтэй байсан ч 2021 оны анхны башёг зохион байгуулахаар болжээ.

Сумо бөхийн холбооны хэвлэл, мэдээллийн ояката Шибатаяма: “2021 оны нэгдүгээр сарын тэмцээнийг зохион байгуулна. Токиод халдварын тоо нэмэгдсээр байгаа тул Засгийн газар, Токио хотын захиргааны шийдвэр гарсны дараа үзэгчтэй хийх эсэхийг шийднэ. Тэмцээний өмнө холбооны бүх ажилтан, бөх, үсчин, засуул нарыг PCR шинжилгээнд хамруулна. Энэ шинжилгээний хариуг үндэслэж, энэ сарын 9-нд барилдааны оноолтыг гаргана.

Их аварга Хакүхогийн дэвжээний бүх хүнийг шинжилгээнд хамруулсан. Миягино ояката, бусад 16 бөхийн хариу сөрөг гарлаа. Тус дэвжээний бөхчүүдэд өөрийгөө тусгаарлах үүрэг өгсөн. Одоогоор уг дэвжээний бөхчүүдийг Хацү башёд барилдуулах эсэхийг хэлэх боломжгүй. Учир нь тэд нэгдүгээр хавьтлын хүмүүст тооцогдож байгаа. Минато дэвжээний засуул халдвар авсан. Гэхдээ тэдний дэвжээний бөхчүүдийн хариу бүгд сөрөг гарсан” гэж мэдээлжээ.

Өнгөрсөн жилийн Намрын тэмцээний өмнө Тамаонои дэвжээнд халдвар голомтлон гарч, 24 бөх халдвар авахад тус дэвжээний бөхчүүдийг барилдуулаагүй ч банцүкэг нь буулгаагүй юм. Үүний адил Миягино дэвжээний бөхчүүд барилдахгүй байх магадлалтай байгаа юм.

Сэтгэгдэл бичих