Нийслэлд эх уурхай нь тодорхой бус 2-3 голомт үүссэн тухай өмнө нь мэдээлсэн. Хамгийн сүүлд 16 тохиолдол бүртгэгдээд буй "Ачтан" эмнэлэг нь олон хүн үйлчлүүлдэг байгууллага учир өргөн хүрээнд тандалт шинжилгээ хийх шаардлагатай голомт болж байна. Тус эмнэлгийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
-Ачтан эмнэлгийн голомтын эх үүсвэрийг тогтоосон уу. Ер нь Улаанбаатар хотод эх үүсвэр тогтоогүй хэдэн голомт бүртгэгдээд байна вэ?
-А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомтыг тандан судалж байна. Энэ бол өргөн хүрээтэй голомт. Учир нь эмнэлэг учраас тэнд үйлчлүүлсэн олон хүн байгаа. Нягталж шинжилгээний хариу бүрэн гарсны дараа зарлана. Энэ шинэ голомтын батлагдсан тохиолдлуудын гэр бүл халдвар авсныг одоогоор тогтоогоод байна. Бусад эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулах ажил өрнөж байгаа, хараахан хариу нь гараагүй байна.
Ер нь бол, эх уурхай нь тодорхой бус 2-3 голомт байгааг өмнө нь зарласан. Үүнээс "Мөнххада" компанид халдвар гарснаас хойш тус голомттой холбоотой ажилчид, тэдний гэр бүлийн зэрэг нийт 17 тохиолдол батлагдаад байна. Нэг гэр бүлийн эх үүсвэрийг тогтоосон.
-ГССҮТ болон Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ долоодугаар төвд сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл гараад байна?
-А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ-д Ачтан эмнэлгийн эмч нар очиж үйлчилгээ явуулсан тул ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулсан. Нийт 10 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй. Ачтан эмнэлгээс тэнд очиж үйлчилсэн эмч байгаа тул тухайн үед эрүүл мэндийн байгууллагаас дээрх арга хэмжээг авсан.
Улаанбаатар хотод эх үүсвэр тодорхойгүй халдвар цаашид гарах эрсдэлтэй. Учир нь, том дэгдэлт болж олон ойрын хавьтал гадуур явж байна. Ард иргэдийн дунд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, нийлж баяр тэмдэглэх, бие биенээ гэртээ урих зэрэг тохиолдол гарч байна. Бид одоогоор кластер голомтын үед байгаа тул эх үүсвэрийг тогтоох ажлыг шуурхайлна, тогтооно. Гэхдээ хаана ч халдвар гарахад бэлэн болсон тул иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
-Нийслэлд хөл хорио тогтоосон хугацаа энэ сарын 11-нд дуусна. Энэ хугацаанд голомтыг бүрэн хумьж амжих уу?
-Д.Нарангэрэл: Монгол Улс цар тахалтай нүүр тулаад жилийн хугацаа өнгөрлөө. Дэлхий нийтэд халдвараас сэргийлэх гурван үндсэн арга байна. Тодруулбал, нэг нь хөдөлгөөн хязгаарлаж хөл хорио тогтоох. Өвчлөлийн хөдлөл, тархвар судлалын байдлаас хамаарч улс орнууд янз бүрээр хөл хорио тогтоож байна. Зарим улс орон 3-4 сар, зарим нь нэг сар, 5-14 хоног зэрэг хугацаагаар тэг зогсолт хийж байна. Хоёрдугаарт, өвчтэй хүмүүсээ илрүүлэх, тусгаарлах, эмчлэх гэсэн үндсэн арга байна. Гуравдугаарт, нийтээрээ амны хаалт зүүж шинэ амьдралын хэв маягт шилжих.
Манай улсад тогтоосон хөл хорио 5 хоногийн дараа дуусна. Эмч хүний хувьд хэлэхэд, илүү олон хоногоор хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж бодож байна. Гэхдээ ард нийтийн амьдрал ахуйтай холбогдуулан шийдвэр гаргасан байх. Ийм богино хугацаанд голомтыг хумина гэдэг үнэхээр боломжгүй. Цаашид төр засгийн шийдвэрээ баримтлан иргэн бүр хариуцлагатай байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сахих хэрэгтэй. Зөвхөн төр засгийн шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа энэ цар тахлын өмнө хүчин мөхөстөнө. Төр засаг, хувь хүн бүрийн оролцоотой халдварыг давж гарна гэдгийг дэлхийн туршлага бэлээхэн харуулж байна.