УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Төслийн ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийв. Тэрбээр, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүний сонгуульт хугацаа дуусаж буйг тодотгов. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу УИХ 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. УИХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нэрээ татсан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэг сул орон тоо үлдсэн. Ажлын баг УИХ-аас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Түүнчлэн ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн, өмнөх хуралдаан дээр 20 нэр дэвшигчийг нэг бүрчлэн танилцуулж, ярилцсан учир, хүн нэг бүрийг танилцуулах шаардлагагүйг онцлоод, нэр дэвшигчийн саналыг нууцаар явуулах, өмнө нь ажиллаж байсан тооллогын комиссыг үргэлжлүүлэн ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулав. Санал хураалтаар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-аас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан байв. Уг нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.
Иймд энэ талаарх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор тусгасан байв.