Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр / 2021.01.05/ ээлжит хэвлэлийн бага хурлыг хийв.
“Өчигдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирус илэрсэн байна. COVID-19-ийн шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан болон шинээр бүртгэгдэж буй голомтот халдварын хавьтал болох 19 хүн халдвар авсан нь батлагджээ. 23 тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,286 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 878 нь эдгэрээд байгаа бол 398 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын 1,286 тохиолдлын 878 нь буюу 68.3 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 398 хүн эмчлэгдэж байна.
Үүнээс,
- Цэргийн төв эмнэлэгт-225
- ХӨСҮТ-153
- Яармагийн 300 ортой эмнэлэгт-2
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-18 хүн байна.” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн 19 обьектын 3,148 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.
Улаанбаатар хотод цар тахлын том кластер өвчлөл бүртгэгдэж, хавьтал болон өртөгчийн тоо, голомтын хүрээг тэлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сануулав. Тэрбээр "Улаанбаатар хотод цар тахлын том кластер өвчлөл бүртгэгдэж, хавьтал болон өртөгчийн тоо голомтын хүрээг тэлж байгаа тул халдварын тахалт тархалтаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Бид 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 8 долоо хоногийн турш коронавируст халдварын голомтот өвчлөлтэй тэмцэж буй. Вирусийн дэгдэлт 2-4 сар үргэлжилдэг. Монгол Улсад гарч байгаа энэ дэгдэлт 8 долоо хоног үргэлжилж, өнөөдрийн байдлаар 9 дэх долоо хоног руугаа шилжиж байгаа бөгөөд халдварын идэвхжил өндөр, оргил үедээ хүрч буй цаг үе ирсэн байна.
Цар тахлын энэ вирус шинэ учраас хүн хооронд маш хурдан тархдаг, өртөхгүй хүн гэж байхгүй. Иймд хүн бүр хичээнгүйлэн халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна" гэсэн юм.