Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр зарим айл өрх, аж ахуйн нэгжээр орж, тэдний санал сэтгэгдлийг сонссон байна.
Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Засгийн газраас 2020.12.01-2021.07.01 хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурыг хөнгөлөх шийдвэр гарснаас хойш төлбөрийн талаар санал, гомдол хэрэглэгчдээс ирсээр байгаа тул сайд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуурын заалтыг үндэслэн бичиж, эрчим хүчний төлбөр, тооцоо бодож ирсэн. Хэрэглэгчийн төсөөлснөөс буюу өмнөх сараас, өмнөх оны мөн үеийнхээс илүү гарсан бол магадлах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагад хандаад эргэлзээ, ойлгомжгүй байдлаа тодруулах боломжтой. Бид энэ асуудалд анхаарч, хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авч, санал гомдлыг барагдуулах болно” гэв.
Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн О.Түвдэндорж, “Сүүлийн бичилтээр манай төлбөр 150 гаруй мянган төгрөг байсан. Үүнээс 11 дүгээр сарын үлдэгдэл төлбөр болох 21 мянган төгрөгийг өөрөө төлсөн. Сайжруулсан түлш ч хямдарсан нь том дэмжлэг болсон” хэмээв.
Хан-Уул дүүрэгт худалдаа эрхлэгч О.Цэрэндолгор, “Цар тахлын нөхцөл байдал ард иргэд, төр засагт ч хэцүү байгаа. Манай хэрэглээнээс сард 300 мянган төгрөгийг төр гаргаж байгаа нь том дэмжлэг” гэжээ.
2020 оны 12 дугаар сард нийслэлийн 361 мянган хэрэглэгчийн цахилгааны бичилт хийхэд 37 090 хэрэглэгч өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглээтэй гарчээ.
Журамд зааснаар илүү гарсан хэрэглээний төлбөрийг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцах юм. Харин үлдсэн 330 мянган хэрэглэгч цахилгааны хөнгөлөлтөд 100 хувь хамрагджээ.