Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр буюу 2021.01.02-ны бямба гарагт хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад "Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж ажилласан. Энэ хүрээнд 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Ингэхэд дүүргийн нэгдсэн эмнэлэгт ямар нэг холбоогүйгээр халдвар авсан тохиолдол гараагүй байсан. Гэвч ойрын хоёр өдөр голомттой холбоогүйгээр халдвар илэрсэн тохиолдол гарлаа.
Эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байсан. Тухайлбал,
- Мөнххада компанид гарсан халдвар,
- Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн,
- Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн,
- Баянзүрх дүүрэгт биеийн дархлаа султай нэг хүнээс мөн халдвар илэрсэн. Ингэснээр эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байлаа. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн дунд байсан 18 хүнээс халдвар илэрсэн.
Эдгээрийн эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон. Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна. Эх сурвалж тогтоогдоогүй хоёр голомт байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг голомтолсон хэлбэрээр тархаж буй халдвар гэж үзнэ. Илэрсэн шинэ голомтуудыг ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээ хэрхэн гарахаас их зүйл шалтгаалж, цаашид авах арга хэмжээ тодорхой болно" гэлээ.
Мөн энэ үеэр Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинтай холбоотой асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "2020 оны долдугаар сарын 25-нд COVAX хөтөлбөрт бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах учиртай. Дээр нь Сангийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг бусад эх үүсвэр, бусад улс орноос вакцин авахаар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн орж ирэх вакцины цаад хугацаа гуравдугаар сарын 1-н гэж хэлж болно. Тэр хүртэл та бид хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх зэрэг дэглэмээ баримтлах хэрэгтэй. Улсын Онцгой комиссоос 80-90 хувийн хөл хориог тогтоож буй энэ үед хувь хүний хариуцлага чухал" гэлээ.
мөн сүүлийн үед Эрүүл мэндийн яамны ажилтнаас коронавирусийн халдвар илэрч, хөл хориог тогтоосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгааг Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй. Эрүүл мэндийн яаманд хөл хорио тогтоогоогүй" хэмээн няцаалаа.
Улсын Онцгой комисс болон Засгийн газар Даваа гарагт хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийднэ.