Эрчим хүчний сайд Н.Тавинбэх цаг үеийн асуудлаар 2021.01.02-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, "Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон. 4,919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна.
Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 01-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа. Үүний хариултыг би өгье.
Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа. Түүнчлэн иргэдээс хэрэглээ өндөр байгаа тухай санал гомдол их байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 25 хувиар өссөн.
Хэрэглэгчийн цахилгааны төлбөр нь нэмэгдсэн бол ямар нэг хэмжээгээр таны хэрэглээ өссөнийг харуулж байгаа. Хэрэв өмнөх сар, өмнөх оны мөн үеэс өссөн бол шалгуулж болно. Бид ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар манай ажилчдаас шалтгаалж тоолуурын заалтыг алдаа оноотой бичсэн асуудал гараагүй" гэв.