БЗД-ийн эмнэлгийн голомт, ХСҮТ-д батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон гэр бүлийн 21 хүнээс халдвар илэрлээ

оруулсан Алсын Хараа

оронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс өнөөдөр /2021.01.03/ танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 5,807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнд халдвар илэрсэн. Улаанбаатар хотод 21 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн хоёр гэр бүлийн хавьтлаас илэрсэн.  Улаанбаатар хотод батлагдсан кластер тохиолдлын тоо 450 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарсан. Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 1,263 болсон бол үүнээс 869 хүн эдгэрсэн" гэв.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.  Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан тохиолдол 21 бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс нэгээр бага байна. Улсын хэмжээнд коронавирусийг илрүүлэх тандалдын цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдэд давхардсан тоогоор 497,913 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.

Өнөөдрөөс эхлээд нийслэл хотод шинэ жилийн баярын үеэр ажилласан үйлдвэр, томоохон худалдааны төвүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж эхлээд байна.

Хүн амын дундаас шалтгаан нь тодорхойгүй  халдварын дэгдэлт гарсаар байгаа учраас нийслэлд гарч байгаа дэгдэлтийг орон нутаг руу зөөхөөс сэргийлэн ажиллаж байна. Тиймээс иргэд нийслэлээс орон нутаг руу явахгүй байх шаардлагатай байна. Хэдийгээр дүрэм журам гаргаад хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч иргэд хулгайн замаар орон нутаг руу явах хандлана ажиглагдсаар байгаа. Тиймээс халдвар өндөртэй голомтоос гарахгүй байхыг анхааруулж байна.  Мөн амны хаалтаа гадуур ил задгай хаяхгүй байхыг сэрэмжлүүлж байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэмж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын тухайд маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн эмчлэгдэж байна.

  • Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникэд 136 хүн эмчигдэж байгаагаас хөнгөн 110, хүндэвтэр 22, хүнд 4 хүн эмчлэгдэж байна.
  • Цэргийн төв эмнэлэгт 219 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 130, хүндэвтэр 82, хүнд тав, маш хүнд 2 хүн байна.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 18 эмчлэгдэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байгаа.
  • Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт биеийн байдал нь хөнгөн 11 хүн эмчлэгдэж байна.

Өмнө нь гарсан 4-5 том голомтыг хяналтын дараах 14 хоногийн ажиглалтад шилжүүлсэн.

Харин Баянзүрх дүүргийн тухайд маш том голомт гарсан. Үргэлжлэх хугацаа дуусаагүй байна. Голомтын хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй. Бид 400-гаад хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоогоор 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан ажиглалт хяналтад аваад байна. Хоёрдагч хавьтал 2,000 гаруй хүн байгаа. Баянзүрхийн голомтоос гэр бүлийн хүрээнд дам хавьтлууд үүсэж байгаа. Мөн 1-2 тохиолдлын эх уурхайг тогтоогоогүй байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд цар тахлыг халдвараас сэргийлэх шаардлагатай байна" гэв.

Дотоодын халдварыг танилцуулбал /2020.01.03/

  • Улаанбаатар хотод-450
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл бичих