Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын хувьд түүхэн дээд хэмжээ болж байгаа аж. Дээрх хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өссөнийг Монголбанк мэдээллээ.
Гадаад валютын албан нөөц ийнхүү нэмэгдэхэд Монголбанкны үнэт металл худалдан авалт түүхэн дээд хэмжээнд буюу 23 тоннд хүрсэн, Төв банкнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгсөн зэрэг нь голлон нөлөөллөө.
Гадаад валютын албан нөөц нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм гэж Монголбанкнаас мэдээллээ.
Энэ оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөжөө. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилд худалдан авсан үнэт металл 100 тоннд хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснийг Төвбанкнаас мэдэгдэж байна.