/TASS/. Их Британийн хамгийн хүндтэй цол, одон хүртсэн хүмүүсийн тоонд "Формула-1"-н долоон удаагийн аварга, Их Британийн нисэгч Льюис Хэмилтон, Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байсан оператор Рожер Дикинс нараас гадна коронавирустэй тэмцэгч олон арван хүн багтжээ.
Аваргын цол хүртсэн тоогоороо Германы нисэгч Михаэль Шумахертэй эн зэрэгцсэн 35 настай Л.Хэмилтоны автоспортын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж баатар цол олгожээ. Түүнчлэн “Ирэн дээр гүйгч 2049”, “1917” зэрэг киноны зураг авалтыг хийж олонд танигдсан оператор Дикинс мөн энэ цолыг хүртсэн байна.
Харин 1966 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга Жимми Гривз, Рон Флауэрс нар Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулжээ.
Шагнал авсан хүмүүсийн дийлэнх нь коронавирусний цар тахалтай тэмцэхэд гар бие оролцсон хүмүүс байжээ. Түүнчлэн шагналтнуудын 14 хувь нь өнгөт арьстнууд юмуу үндэсний цөөнхүүд байсан бол 4 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байсан аж.
Уламжлал ёсоор төрийн дээд шагнал хүртэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг жилд хоёр удаа гаргадаг байна. Тодруулбал, Шинэ Жилийн өмнө нэг удаа нийтэлдэг бол 6 дугаар сард буюу Их Британийн хатан хаан II Елизаветагийн төрсөн өдрийн баярын үеэр хоёр дахь удаагийн шагнал гардуулах ёслол болдог байна.