Англид хатуу хөл хорио тогтоосон бүсийг өргөтгөлөө

оруулсан Алсын Хараа

/Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбартай тэмцэхийн тулд хатуу хязгаарлалт тогтоосон бүс нутгийг өргөтгөх шийдвэр гаргажээ.

Их Британид өмнөх хувилбараасаа 70 хувь илүү халдварладаг шинэ хувилбар тархсаны улмаас сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод байгаа юм.

Засгийн газрын мэдээлснээр, Английн хүн амын дөрөвний гурав буюу 44.1 сая оршин суугч пүрэв гаргаас хатуу хязгаарлалтыг мөрдөх шаардлагатай болжээ. Ингэснээр үйлчилгээний газрууд, онцын шаардлагагүй дэлгүүрүүдийг хааж, өрхүүд хоорондоо уулзахыг зөвшөөрөхгүй ажээ.

Мөн Б.Жонсон пүрэв гаргийн орой гэртээ байж, шинэ жилийн баярын өмнөх оройг нийтээр тэмдэглэхээс зайлсхийхийг ард иргэддээ уриалжээ. Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 50023 тохиолдол шинээр илэрч, 981 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл бичих