Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 30-нд нийт 13 597 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 20 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай халдварын голомтод 16 тохиолдол илэрсэн бол Франкфуртын нислэгээр ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээ халдвартай гарсан. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 399 болж байна. Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмч, нягтлан бодогчоос коронавирус илэрсэн. БЗД-т илэрсэн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүл, ажлын газрын хавьтал нийт 11 хүн байна. Мөн “Тэнүүн-Огоо” автобус баазад түлш түгээгч ажилтай нэг хүнээс коронавирус илэрсэн. Тэрээр хамгийн сүүлд 12 дугаар сарын 21-нд ажилдаа ирсэн. Хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжлэхэд коронавирус илрээгүй. Тус компаниас өмнөх тохиолдолтой нийлээд нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна” гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 1215 болжээ. Үүнээс 830 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт зургаан хүн эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусээр халдварласан 375 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 хүн байна.
Төв аймгийн Баянчандмань суманд нэг хүн "COVID-19"-ийн халдвар авсан гэсэн мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үүнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хариу өгөв.
Тэрээр, Төв аймгийн Баянчандмань суманд нэг хүн халдвар авсан, сэжигтэй тохиолдол байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж шинжилгээ авахад тухайн иргэнээс "COVID-19"-ийн халдвар илрээгүй, мөн ойр байсан хүмүүсээс нь илрээгүйг мэдээллээ.
Харин нийтийн тээврийн "Тэнүүн огоо" ХХК-ийн ажилтнуудын ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрч, "COVID-19"-ийн халдвараар тус компанийн 4 хүн өвчлөөд байгааг мэдээллээ. Халдвар илэрсэн хүн нь тус компанид диспетчер, шатахуун түгээгчийн ажил хийдэг байжээ. Тэрээр энэ сарын 21-нээс хойш ажилдаа яваагүй, 24 цаг ажиллаад, 72 цаг ажилладаг ээлжийн ажилтан юм байна.