БОАЖЯ-ны Үндэсний зөвлөлийн гишүүд “Баян айраг эксплорэшн” ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл өчигдөр цахимаар хуралдсан юм.
Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэшн” ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэв.
Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Баян айраг эксплорэшн” ХХК юм. Энэ сарын 11-ний өдөр тус компанийн боловсруулах үйлдвэрт натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м2 талбайд алдсан.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хурлын үеэр, -“Баян айраг эксплорэшн” компани маш хариуцлагагүй алдааг удаа дараа гаргаж байгаа. Энэ осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлыг залруулан, хариуцлага тооцож ирсэн. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний ажлын байрыг бодолцох хэрэгтэй ч, нөгөө талаараа бүхэл аймаг, сумаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг тооцох хэрэгтэй” гэв.