ЭМЯ-ны ээлжит мэдээллээр улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 28-нд нийт 14.035 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 38 хүнд коронавирус илрэв. Үүнээс 36 тохиолдол нь нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын дэгдэлтийн голомттой холбоо, хамааралтайгаар шинээр үүсэн бүртгэгдээд байна. Үүнд:
- 2 сувилагч,
- 1 үйлчлэгч,
- 4 сахиур,
- 6 өвчтөн,
- гэр бүлийн хавьтлын 17 хүн,
- бусад хавьтал 2 хүн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн гэр бүлийн хамаарлын сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд халдварын тохиолдол илэрчээ. Нэгдсэн эмнэлгийн голомтод нийт хамааралтай 226 тохиолдол болоод байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна" гэв.
Улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 1175 болж, үүнээс 745 хүн эдгэрээд байна. Эмчлэгдэж байгаа 420 хүнийг биеийн байдлаар нь ангилбал: маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварыг өнөөдрийн байдлаар буюу 12 дугаар сарын 29-нөөр танилцуулбал:
- Улаанбаатар хотод- 376,
- Орхон аймагт 25,
- Архангайд 3,
- Сэлэнгэ аймагт 217,
- Дархан-Уул аймагт 45,
- Говьсүмбэр аймагт 4,
- Дорноговьд 32 тохиолдол бүртгэлтэй байна.