Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 25-нд нийт 14 646 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 39 хүнд коронавирус илэрчээ.
Тэдний 38 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол Франкфуртын тусгай нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээний хариу эерэг гарчээ. “БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн. Эдгээр тохиолдол нь эмнэлгийн ажилтан 3, өвчтөн 5, гэр бүлийн хавьтал 30 хүн байна” хэмээн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тодотгов.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол 1 121 болж бүртгэгдэж байна. Үүнээс 711 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 400 хүн эмчлүүлж байна. Тэдний гурав нь маш хүнд, долоон хүний биеийн байдал хүнд, 54 нь хүндэвтэр, 336 нь хөнгөн байгаа аж.
Монгол Улс коронавирусний халдвар илрүүлэх гурван тандалт хийж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Нэгдүгээрт, коронавирусний халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтлын хүмүүст шинжилгээ хийх,
Хоёрдугаарт, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулах,
Гуравдугаарт, лабораторийн аргаар олон хүнийг шинжилгээнд хамруулах.
Монгол Улсын хэмжээнд давхардсан тоогоор 443 мянган хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нээс хойш 42 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Монгол Улсад коронавирусний тандалт судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 2400 гаруй хүн ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагт 3 обьектод халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 76 жолоочид коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 3877 иргэн хандаж, зөвлөмж, зөвлөгөө авсан байна” хэмээв.
Мөн тэрбээр олон улсад коронавирусний тархалт эрчтэй байгааг мэдээлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн 24 цагт ОХУ-д 29 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Япон Улсад мутацид орсон коронавирусний хэд хэдэн тохиолдол батлагдсан тул тус улсын Засгийн газар өнөөдрөөс ирэх сарыг дуустал гадаадаас иргэн авахгүй байх шийдвэр гаргажээ. Мөн Испани, Швед, Норвеги зэрэг оронд мутацид орсон коронавирус бүртгэгдсэн тул иргэдийг гэртээ байх, зочин урихгүй байх, баярын мэндчилгээг цахимаар илгээх, гэртээ ч амны хаалт зүүх, гэртээ 1.5-2 метрийн зай барих зэрэг зөвлөгөө өгч байгаа аж.