Коронавирусний мутацид орсон халдвар анх Англи улсад бүртгэгдсэн бол сүүлийн өдрүүдэд Япон, Сингапур улсад бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтэд мутацид орсон коронавирусний халдвар тархах магадлалтай байгааг Англи, Япон улсын эрдэмтэд анхааруулсан байна.
Монгол Улсын хувьд эмнэлэгт коронавирусний халдвар бүртгэгдсэн. Тиймээс иргэдийг аль болох эрүүл мэндийн байгууллагад очихгүй байх, очих тохиолдолд олон хүн дагуулахгүй байх, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөөг цахимаар авахыг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөв.
Мөн тэрбээр,“Монгол Улсад коронавирусний тандалт судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 2450 гаруй хүн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 432 мянга гаруй хүн хамрагдсан. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагт 8 обьектод халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 241 жолоочид коронавирусний шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утасанд 4650 гаруй иргэн хандаж, зөвлөмж, зөвлөгөө авсан байна” хэмээв.