Өнөөдөр дахин 6 хүнээс коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 24-нд нийт 8863 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын  тохиолдол 1075 болж бүртгэгдэж байна. Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 482 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 6 нь хүнд, 57 нь хүндэвтэр, 416 нь хөнгөн байгаа аж.

Эрүүл мэндийн томоохон байгууллагууд, эмчилгээ үйлчилгээ явуулж буй газрууд эмч, ажилчдынхаа дунд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийж буй.

 Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ 600 гаруй ажилтантай. Эхний 324 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Баталгаажих шинжилгээ хийсний дараа хариуг зарлана хэмээн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 Тэрбээр, “Баталгаажих шинжилгээ гэдэг нь тухайн сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэгдүгээрт, PCR шинжилгээ, хоёрдугаарт, ЭКТ биологийн арга, гуравдугаарт эмнэл зүйн байдал болон уулзсан бүгдийг судалдаг. Тиймээс одоогоор энэ хүмүүст дахин давтан шинжилгээг хийж байна. Сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн үед эхний хариу арга хэмжээг авдаг. ХСҮТ-д урд шөнөөс эхлэн хариу арга хэмжээ авч байна” гэв.

 

Сэтгэгдэл бичих