"BioNTech", "Moderna" компаниудын захирлууд шинэ тэрбутнуудын жагсаалтад оржээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Америкийн “Forbes” сэтгүүл цар тахлын үед эрүүл мэндийн салбарт шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад  “BioNTech”, “Moderna” компаниудын ерөнхий захирлуудыг оруулжээ.

Коронавирусний цар тахал эмийн олон компаниудын захирлууд болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулагчдын хөрөнгийг ихээхэн өсгөсөн болохыг “Forbes” сэтгүүл тэмдэглэсэн байна. Тус сэтгүүлийн хувилбараар 2020 онд эрүүл мэндийн салбарт 50 шинэ тэрбумтан төржээ. “Энэ оны хамгийн онцлох хүмүүс бол хамгийн амжилттай коронавирусний хоёр вакциныг бүтээсэн эрдэмтэд юм. Эдгээр вакцины нэгийг Америкийн “Pfizer”, Германы био технологийн “BioNTech” компани, нөгөөг нь Массачусетс мужид байрладаг “Moderna” компани боловсруулсан билээ" гэж “Forbes” сэтгүүлийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд онцолсон байна.

Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, Германы “BioNTech” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч турк гаралтай Угур Шахин, 2011 оноос хойш “Moderna”компанийг удирдаж байгаа Францын иргэн Стефан Бансель нарын цэвэр хөрөнгө нэгдүгээр сараас хойш огцом өсжээ. Шахины хөрөнгийн хэмжээ одоо 4.2 тэрбум ам.доллар байгаа бол Стефан Банселийнх 4.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Түүнчлэн 2010 онд “Moderna”-д тус тус 5 сая, 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан Америкийн хөрөнгө оруулагчид болох Тимоти Спрингер, Роберт Лангер нарын хөрөнгийн хэмжээ өсөж, тус тус 2 тэрбум болон 1.5 тэрбум ам.доллар болжээ. Шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад мөн Хятад, Итали, Энэтхэг, Канад, Швейцар, Хонконг болон Дани улсын хэд хэдэн компаниудын захирлууд, хөрөнгө оруулагчид багтсан байна.

Сэтгэгдэл бичих