/DW/. Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн коронавирусний вакцинаас АНУ нэмж 100 сая тунг авахаар болжээ.
"100 сая тун “COVID-19”-ийн вакциныг нэмж нийлүүлэх хоёр дахь гэрээг АНУ-ын Засгийн газартай байгууллаа. Эдгээр вакциныг АНУ-ын үйлдвэрүүдэд үйлдвэрлэнэ" гэж компаниудын мэдэгдэлд дурджээ. 2021 оны долоодугаар сарын 31-ний дотор вакциныг нийлүүлж дуусах бөгөөд хоёр дахь гэрээний өртөг 1.95 тэрбум ам.доллар болсон байна.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэх зөвшөөрлийг 12 дугаар сарын 11-нд олгосон билээ. Уг вакцины үр дүн нь хоёр дахь тунг тариулсны дараа 95 хувь байдаг учраас заавал хоёр тун хийлгэх ёстой юм. Вакциныг хасах 75-80 градусын температурт хадгалах ёстой бөгөөд гэсгээсний дараа ампулыг 2-8 градусын температурт тав хоногоос илүүгүй хугацаагаар хадгалж болдог байна. Уг вакциныг АНУ-д 12 дугаар сарын 14-нөөс хэрэглэж эхэлсэн билээ.