Монголбанк 22 тн үнэт металл худалдан авлаа

оруулсан Алсын Хараа

Монголбанк энэ оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгджээ.

Монголбанк сүүлийн 5 жилд 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ.

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд "Алт-2" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов.

Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 5 дахин ихсэж, 1.7 тэрбум ам.долларт  хүрлээ.

Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.

Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металл худалдан боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийснээр аж ахуй нэгж, иргэд цаг хугацаа хэмнэх ажлыг үе шаттай зохион байгуулсны дүнд Монголбанканд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өсжээ.

Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай  хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээл гарал үүсэл тодорхой үнэт металлын худалдааг сайжруулах зэргээр үнэт металлын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

/МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих