Зургаан хүнээс коронавирус илэрч, халдварын  тохиолдол 1069 боллоо

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 23-нд нийт  11 800 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Үүний нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын чиглэлээр энэ сарын 21-нд ирсэн хүний шинжилгээ халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол 593 болж байна. Үлдсэн таван тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос өвчтөн хоёр, гэр бүлийн хавьтал нэг, сахиур хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод голомтлон гарч буй халдвар 279 болжээ.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын  тохиолдол 1069 болж бүртгэгдэж байна.

Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм. Өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 476 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 4 нь хүнд, 55 нь хүндэвтэр, 414 нь хөнгөн байгаа аж.

Манай улсад төдийгүй дэлхий дахинд "COVID-19" халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан эрсдэлд орж буй юм.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Одоогоор манай улсад нийт 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 16 нь эдгэрсэн”-ийг мэдээлэв. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвартай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдварлажээ.

Дэлхий даяар коронавирусний халдвар тархсан нэг жил гаруй хугацаанд цар тахалтай нүүр тулж буй эрүүл мэндийн ажилчид ажлаасаа халшрах хам шинжид өртөж байна. Бүтэн жил гэр орон, үр хүүхдээсээ хол, ар гэртээ анхаарал тавихгүй байх зэргээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагын ажилчид бухимдах, бие ядрах зэрэг шинж тэмдэг дэлхий дахинд болон манай улсад гарч байна. Үүнд АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлт хийж байгааг мөн тэрбээр дурдсан юм.

Сэтгэгдэл бичих