/DW/. Европын Холбоо /ЕХ/ ангилаагүй хуванцар хаягдлыг ядуу буурай орнууд руу экспортлохыг ирэх нэгдүгээр сараас хориглоно. Шинэ дүрэм журмын дагуу хаягдал импортлогч, экспортлогчид хортой хаягдлыг хэрхэн зохицуулах талаар тохиролцоонд хүрэх шаардлагатай болох юм.
ЕХ-ны Байгаль орчны асуудал хариуцсан комиссар Виргиниюс Синкявичюсын мэдээлснээр, 2006 оны Хаягдлын тээврийн зохицуулалтын баримт бичигт оруулах нэмэлт өөрчлөлт нь ядуу буурай орнууд руу ангилаагүй хуванцар экспортлохыг бүрмөсөн хориглох ажээ.
БНХАУ 2018 онд хуванцар хаягдлын импортыг хориглосноос хойш ийм хаягдлыг Малайз гэх мэт Азийн орнууд руу тээвэрлэх болсон бөгөөд үүний дараа далайд хаягдах болсныг байгаль хамгаалагчид мэдээлж байгаа юм.
Шинэ дүрэм журмууд нь үйлдвэрлэж бий болгосон хаягдлынхаа хариуцлагыг хүлээх нөхцөлийг бүрдүүлж байгааг В.Синкявичюс онцлон хэлжээ. Түүний мэдээлснээр, ЕХ өнгөрсөн онд 1.5 сая тонн хуванцрын хаягдал экспортолсны дийлэнхийг Туркт, мөн Малайз, Индонез зэрэг Азийн орнууд руу нийлүүлжээ.