Байшин нь шатсан цагдаагийн алба хаагчид 2 өрөө байр өгөв

оруулсан Алсын Хараа

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явахад нь энэ  сарын 4-5-нд шилжих шөнө байшин нь шатжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг байна. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болжээ.

Иймд ХУД-ийн Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн байна.

Салбарын сайд “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг “Орон сууцтай” болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХЯ түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгожээ.

Ингэснээр Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж, ХУД-ийн 16-р хорооны Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг өчигдөр ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өглөө.

Ингэхдээ ХУД-ийн Цагдаагийн Газрын дарга Хурандаа Д.Манлайбаатарын ахалсан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулжээ. Хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс Summit ХХК-ийн PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизор хандивласан байна.

Олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэнийн асран халамжилдаг 8, 11 настай хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих