/Sky News/. Мягмар гарагт Их Британид коронавирусний халдварын 36804 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.
Өмнөх дээд үзүүлэлт буюу 35928 шинэ тохиолдол 12 дугаар сарын 20-ны ням гарагт бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, мягмар гарагт 691 хүн “COVID-19”-ийн улмаас нас барсан нь сүүлийн нэг сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Их Британид нийт 2 110 314 хүн коронавирусний халдвар авснаас 68307 хүн нас барсан байна.
Их Британийн эрх баригчдын үзэж байгаагаар, өвчлөл нэмэгдсэн нь илүү халдвартай шинэ вирус тархсантай холбоотой байна. Мэргэжилтнүүд “VUI-202012/01” гэж нэрлэсэн уг вирусийг Лондон хотод эсвэл Зүүн Өмнөд Английн Кент мужид есдүгээр сард үүссэн гэж таамаглаж байгаа юм.