Банкууд энэ сарын 18-ны байдлаар орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах 47,621 хүсэлт хүлээн авч, 44,443 буюу 93 хувийнх нь эргэн төлөлтийг хойшлуулжээ. Үүний зээлийн үлдэгдэл нь 2.4 их наяд орчим төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 66 орчим хувийг эзэлж байна.
Монголбанк болон банкны эх үүсвэрээр энэ оны 10 дугаар сард нийт 926 зээлдэгч 65.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авч, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ. Энэ оны 11, 12 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум, банкуудын өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төлөвлөснөөр зээл олгосоор байгаа.
Коронавируст халдварын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосон нь банкуудын салбар, нэгж болон бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагааны хязгаарлалтаас болж, шинээр зээл олгох үйл явц удаашралтай байна.
Банкуудын мэдээллээр энэ оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 18-нд нийт 24.7 тэрбум төгрөгийн зээлийг 394 өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээллээ.