Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 22-нд нийт 4134 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 57 хүнд коронавирус илэрчээ.
Үүний 55 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомт болон Сэлэнгэ аймагт нэг хүний давтан шинжилгээнээс илэрсэн бол Цэргийн төв эмнэлгийн нэг эмч коронавирусээр халдварлажээ. Халдвартай иргэд БЗД-ийн эмнэлгээс 43 өвчтөн, 9 сахиур, гэр бүлийн хоёр, захиргаа, аж ахуйн ажилтан нэг, энэ сарын 14-нд эмнэлгээс гарсан нэг хүн байна.
“БЗД-ийн эмнэлгийн голомтод нийтдээ халдварын 131 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Богино хугацаанд маш олон хүнийг хамарсан тул энэхүү дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Эдгээр 55 тохиолдол бүгдээрээ хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр тодотгосон юм. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын 1063 тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 541 хүн эдгэрээд буй юм.
Түүнчлэн өнөөдөр 82 хүн эдгэрч Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжиж байгаа аж. Мөн өмнө нь Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байсан 82 настай иргэний биеийн байдал сайжирч, Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн байна.
Одоогоор коронавируст халдвартай 513 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, 6 нь хүнд, 40 нь хүндэвтэр, 466 нь хөнгөн байгаа аж.
Коронавирусний халдварын нууц үе 14 хоног гэдэг. Монгол Улсад энэ вирусний халдвар 6-7 дахь хоногтоо давтан шинжилгээгээр илэрч байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа хэллээ. Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, Баянзүрх дүүргийн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуултад хариулсан юм.
-Баянзүрх дүүргийн эмнэлэгт одоо хэдэн хүн эмчлүүлж, тусгаарлагдсан бэ? Эмчлүүлэгчдийн хэдэн хувь нь халдвар авсан бэ?
БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт халдар бүртгэгдсэнээр өвчтөнүүдийг эрэмбэлэн ангилж, зарим эмнэлгийн ажилтан болон ойр харилцсан хүмүүсийг тусгаарласан. Өчигдөр эмнэлэгт 71 том хүн, 14 хүүхэд нийт 85 хүүхэд эмчилгээ хийлгэж байв. Өчигдрийн байдлаар 41 хүн эмнэлэгт хэвтэж байгаад халдварт өртсөн нь давтан шинжилгээгээр илэрлээ. Халдвартай хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.
-Тус дүүргийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан 11 хүний маршрут тогтоосон уу? Өөр дүүргийн хүмүүс хэвтэж байсан мэдээлэл бий, тэгэхээр харьяаллын дагуу үйлчлээгүй гэсэн үг үү?
Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүмүүсийг дуудаж шинжилгээнд оруулсан. Энэ сарын 11-15-нд 9 хүн эмчлүүлээд гарсныг эхний тохиолдлоос эхлээд ойр харилцсан бүх хүнийг тусгаарласан. Гэр бүлийнхэн нь өртсөн. Сүүлийн давтан шинжилгээгээр батлагдаж байгаа тохиолдлууд эмнэлэгт байсан, тусгаарлагдсан хүмүүсээс илэрлээ. Нийт 1351 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авлаа. Одоогоор халдвартай хүнтэй ойр харилцсан 1330, дам харилцагч 800 гаруй хүнийг илрүүлээд байгаа.
-Дүүргийн эмнэлэгт 130 хүн халдварлажээ. Насны ангиллыг нь хэлнэ үү?
Насны хувьд 20-74 насны хүмүүс бий. 84 настай нэг хүн. Хүүхэд одоогоор өвчлөөгүй. Агаар дусал, амьсгалын замаар халдах учир тухайн давхарт байгаа хүмүүс бүгд эрсдэлтэй. Халдварын нууц үе 14 хоног, Монгол Улсад 5-7 хоног гэж байгаа. 6-7 дахь хоногийн давтан шинжилгээгээр халдвар илэрч байна. Баянзүрх дүүргийн голомтыг цомхотгон хяналтдаа авахад анхаарч байна.