PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 8416 хүнд хийсэн шинжилгээгээр 8 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээрээс  6 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрчээ.  Мөн Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүст хийсэн давтан шинжилгээгээр  2 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ 2 хүн Герман, Унгар улсаас ирсэн иргэд байна. Тэд гадаадад байхдаа халдвар авсан байна.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Тус эмнэлгийн голомтоос корнавирусний халдварын 32 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатарт өмнө нь бүртгэгдсэн кластер голомтуудад давтан хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Улаанбаатар хотын кластер өвчлөлийн голомтод нийт тохиолдол 175 боллоо. Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн Сэлэнгэд 216, Дархан-Уулд 45, Орхонд 25, Говьсүмбэрт 4, Дорноговьд 32, Архангайд 3 тохиолдол, улсын хэмжээнд нийт дотоодын халдварын кластер өвчлөлийн голомтод 500 тохиолдол болсон байна. Харин зөөвөрлөгдөн ирсэн халдварын 391 тохиолдол байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын батлагдсан тоо 961 болсон. Үүнээс 509 хүн эдгэрсэн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс халдвар авсан 119 хүнийг лабораторийн шинжилгээгээр эдгэрүүлж, Яармагийн эмнэлэгт хяналт, тандалтад шилжүүлээд байна.

Сэтгэгдэл бичих