Оросын тамирчид олимп, тив, дэлхий, олон улсын уралдаан, тэмцээнд оролцохооргүй боллоо

оруулсан Алсын Хараа

 - Оросын тамирчдыг mөрийнхөө далбаан дор Олимп, ДАШТ-д оролцох эрхийг хоёр жил хаслаа —

Канадын Монреал хотноо төвтэй Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) өнгөрсөн 2019 оны XII.9-нд манай хойд хөрш ОХУ-ын тамирчдыг Олимп, Дэлхийн аварга шалгаруулах болон бусад олон улсын тэмцээнд шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж сэргээш хэрэглэж байсан гэсэн үндэслэлээр улсынхаа Төрийн далбаан дор спортын уралдаан тэмцээнд оролцох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм. Нэгэнт Төрийн далбаагүйгээр тэмцээнд өрсөлдөх учраас түрүүлж, эсвэл медаль хүртэж шагналын тавцан дээр зогсоход ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэхгүй байх ёстой. Харин Оросын сэргээшийн эсрэг агентлаг (RUSADA) уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  Спортын Арбитрын шүүх (CAS)-эд хандаж давж заалдсан.

Спортын Арбитрын шүүх (CAS) өчигдөр Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) болон Оросын сэргээшийн эсрэг агентлаг (RUSADA)-тай холбоотой маргааныг хянан хэлэлцээд оросуудад оноосон 4 жилийн хориг арга хэмжээг бууруулж 2 жил болгон эцэслэн шийдлээ. Ингэснээр Оросын тамирчид 2022 оны XII.16-ныг хүртэл олон улсын уралдаан тэмцээнд эх орныхоо Төрийн далбаан дор өрсөлдөж, Төрийн дууллыг эгшиглүүлэх эрхгүй болж байна. Спортын Арбитрын шүүх (CAS)-ийн шийдвэр нь эцсийнх бөгөөд гарсан өдрөөсөө (XII.17) эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх тул Оросын тамирчид өнөөдрөөс эхлэн бүтэн хоёр жилийн хугацаанд үг дуугүй даган биелүүлэх үүрэг хүлээж байна. Ирэх зун Японы Токиод болох зуны XXXII Олимпын  наадмын тэнгэрт ОХУ-ын Төрийн далбаа мандаж, Төрийн дуулал эгшиглэхгүй нь тун харамсалтай. Гэхдээ нөгөө талаар олимпын хөтөлбөрт ордог их спортын төдийгүй манай Монгол бөх гэх мэтийн үндэсний спортын талбарт сэргээш хэрэглэгчидтэй хатуу тэмцэж допинггүй өрсөлдөөнийг бий болгоход уриа дуудлага болж байна.

Сэтгэгдэл бичих