Баруун бүсийг эрчим хүчээр хангах УЦС барих тендерийг энэ сард зарлана

оруулсан Алсын Хараа

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ховдын гол дээр Усан цахилгаан станц барих бүх бэлтгэл хангагджээ. Санхүүжилт, бэлтгэл ажил бүгд шийдэгдсэн учир энэ сарын 25-нд тендер зарлан, гүйцэтгэгчээ шалгаруулж, ирэх онд барилга угсралтын ажил эхэлнэ.

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн том хүчин чадалтай эх үүсвэр бий болж, баруун бүсийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах боломжтой юм.

“Баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас 35 МВт авдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун бүс эрчим хүчний хувьд бүрэн биеэ даана. Гэхдээ найдвартай эрчим хүчээр хэвийн ажиллагааг хангах зорилгоор импортын эрчим хүчний чадлын захиалгаар үлдэнэ. Өдөрт 245 МВт авах хүртэл эрчим хүч авах хүчин чадалтай. Энэ хэмжээ өөрчлөгдөхгүй. Хэрэглээний өсөлттэй холбоотой ОХУ-н талд дээд хязгаарыг нэмэх санал тавьсан. Энэ нь дотоод эх үүсвэрт ямар нэг доголдол гарвал хэвийн горимд орох хүртэлх аюулгүй ажиллагааг хангах үүднээс эрчим хүч авах боломж бүрдүүлж буй хэрэг” хэмээн Н.Тавинбэх нэмж хэллээ.

Сэтгэгдэл бичих