Соёлын сайд С.Чулуун АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Сайд С.Чулуун АНУ-аас соёлын салбарын олон томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Рубины Урлагийн музейд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлээр үзэсгэлэн гаргах, “Чингис хаан” хаад язгууртны музейн үзүүллэг дэглэлт болон палеонтологийн хамтарсан үзэсгэлэн гаргахад туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Элчин сайд Майкл С.Клечески хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч, цар хүрээ нь өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан монгол соёлыг АНУ-д сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Талууд цаашид соёлын өв хадгалах, сэргээн засварлах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Америкийн Монгол судлалын үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтрах боломжуудын талаар санал солилцсон юм.