/TASS/. Их Британийн “BBC” агентлаг “Оны онцлох гадны тамирчин”-аар Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга, Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг нэрлэжээ.
Энэ төрөлд долоо хоногийн дотор хоёр удаа дээд амжилт эвдэж чадсан Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арман Дюплантис, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны үнэ цэнэтэй тоглогч, сагсан бөмбөгч Леброн Жеймс, Мэргэжлийн гольф тоглогчдын холбооны чансаанд нэгдүгээрт бичигддэг гольфчин Дастин Жонсон, “Лион” эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн тамирчин Венди Ренар, хөнгөн жингийн дэлхийн аваргын цолоо хоёр удаа хамгаалсан Ирландын мэргэжлийн боксын тамирчин Кэти Тейлор нар өрсөлджээ.
“BBC” агентлаг 1960 оноос хойш жил бүр “Оны онцлон гадаад тамирчин”-ыг шалгаруулжээ. Шилдгийг шалгаруулахдаа Их Британиас бусад улсын тамирчдаас сонголт хийдэг байна. Өнгөрсөн оны онцлохоор Кенийн гүйлтийн тамирчин Элиуд Кипчоге шалгарсан юм.