ЮНЕСКО-гоос Конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд баримтлах "Үйл ажиллагааны журам" болон "Үр дагаврын нөлөө" хэмээх хоёр баримт бичгийн талаар хэлэлцэх Ази, Номхон далайн бүс нутгийн 20 орны төлөөлөгчдийн цахим уулзалт пүрэв гарагт болов.
Энэ цахим хурлаар ЮНЕСКО-гоос баримтлах эрх зүйн баримт бичигт холбогдох орнуудын санал авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид оролцогч талуудын VI ба VII хурлаар улс орнууд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь конвенцийн заалтуудтай үл нийцсэн, хангалтгүй байгаа тохиолдолд баримтлах "Үйл ажиллагааны журам" болон "Үр дагаварын нөлөө" эрх зүйн баримт бичгийг ЮНЕСКО-гоос боловсруулахаар шийдвэрлэсэн.
Эрх зүйн баримт бичгийн төсөлд сайжруулалт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эхний төслийг боловсруулж дууссан бөгөөд уг баримт бичгийн хоёрдугаар төслийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн оролцогч талуудын VII хуралд танилцуулсан.
Эрх зүйн баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгээс тус баримт бичгүүдэд нэмэлт санал авах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ази, номхон далайн орнуудын Оролцогч талуудтай цахим хурал зохион байгуулсан. Тус цахим хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон нар оролцсон юм.
Эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд оролцогч талуудын нэмэлт саналыг тусгасан сүүлийн төслийг 2021 оны 2 дугаар сард болох товчооны уулзалтаар хэлэлцэж төслийг эцэслэх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-28-нд болох оролцогч талуудын VIII хуралдааны үеэр хэлэлцэж батлахаар ажиллаж байна.